УРИЛГА

Эрхэм хүндэт эрдэмтэн, багш, судлаач, оюутан та бүгдийг 2023 оны 08 сарын 7-оос 12-ны өдрүүдэд Дэлхийн тархи судлалын байгууллагын албан ёсны зөвшөөрөлтэй “Төрх үйлийн ба трансляцийн нейросайнс” сэдэвт 6 өдрийн сургалтанд өргөнөөр оролцохыг урьж байна. Уг сургалтыг Дэлхийн тархи судлалын байгууллага, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Шинжлэх ухааны академи, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын нейросайнсын нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Япон, Солонгос, Малайз, АНУ, БНХАУ, ОХУ-ын тархи судлалын шилдэг эрдэмтэд уригдан оролцож, сүүлийн үеийн судалгааны ололт амжилт, технологийн дэвшлийн талаар лекц уншина.

Сургалтын зорилго: Тархи судлалын дэвшилтэт арга аргачлалыг судалгаанд хэрэглэх арга зүйг сургах

Харилцах байгууллага:  Монголын нейросайнсын нийгэмлэг

Хугацаа: 2022 оны 8 сарын 7-ны өдрөөс (Даваа) эхлэн 8 сарын 12-ны өдөр хүртэл (Бямба)

Байршил: СЭМҮТ

Хамрах хүрээ:  Судлаач, эмч, багш, сэтгэлзүйч, докторант, магистрант

Товч танилцуулга: Энэхүү сургалтанд тархи судлалын чиглэлээр судалгаа хийх хүсэлтэй 20 оролцогчийг сонгон шалгаруулж хамруулна (ЕБС-ийн сурагч болон төгсөлтийн өмнөх сургалтын оюутан хамрагдах боломжгүй). Тус сургалтанд мэдрэл, сэтгэцийн эмгэгүүдийн механизм, судлах арга аргачлал, эмнэлзүйн ач холбогдлын тухай мэдлэг, дадлага, туршлага олгох лекц, семинар, туршилт, хэлэлцүүлэг зэрэг олон талт сургалтын хэлбэрүүд багтсан.  Түүнчлэн тархи судлалын чиглэлээр суралцах, ажиллахад нь дэмжлэг болох зорилгоор дотоод, гадаадын лабораториудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах, тэргүүлэх судлаач нартай нь биечлэн уулзах боломжоор хангана. Сургалтын 5 дахь өдрөөс эхлэн Олон улсын тархи судлалын эрдэм шинжилгээний хуралд оролцоно. Эрдэм шинжилгээний хурлын үеээр залуу судлаачдад зориулан аман болон постер илтгэл бэлдэх, судалгааны ёсзүйн дүрэм журмыг тайлбарлах сургалт зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 94992738 утаснаас эсвэл secretariat@neuroscience.mn хаяг руу мэйл бичиж лавлана уу.